ҮХЦ-ийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авлаа

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-28 12:34:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, ҮХЦ-ийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авав. 


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй.” гэж заасан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.“, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “шударга шүүхээр шүүлгэх эрхтэй“, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна“ гэж тус тус заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг ҮХЦ гаргажээ.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын энэ сарын 20-ны  хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон юм. Тэрээр, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг танилцуулав. 


ҮХЦ-ийн дүгнэлт, Байнгын хорооны саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж нар асуулт асууж хариулт авлаа. 


Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжсэн Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд ҮХЦ-ийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авах тухай тогтоол батлагдлаа. 

Холбоотой мэдээ