Монголын нүүдэлчдийн нэг өдөр арга хэмжээ болно

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2016-07-18 10:09:40

Монголын нүүдэлчдийн нэг өдөр арга хэмжээг Өмнөговь аймагт зохион байгуулахаар болоод байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

8 дугаар сарын 5-нд болох тус арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаад байгаа талаар зохион байгуулагчид мэдээлж байна. Өмнийн говь руу дотоод гадаадын аялал жуучлалыг татахаар хийж байгаа уг ажлыг "Монгол говийн нүүдэлч малчдын холбоо", Ханхонгор сумын малчид зохион байгуулах гэж байна. Малчин айлын нэг өдрийн ажлыг Монголын уламжлалт ёс заншлын дагуу харуулах аж.

Өглөө адуу хураах ажлаар эхэлж, гүүний үрс хийх ёс, хүүхдийн сэвлэг үргээх, бэр гуйх зэрэг биет бус өв соёлыг харуулахаас гадна таван хошуу мал саах, цагаан идээ боловсруулах зэрэг малчдын хийдэг ажлуудыг нэг дороос үзэх боломжийг олгох юм байна. Мөн энэ үеэр малчдын өөрсдийнх нь гараар хийсэн малаас гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ