Сайхандулаан сум ёслол хүндэтгэлийн өргөөтэй боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 14:24:57

Дорноговь аймгийн Сайхандулаан сум  орон нутгийн хөгжлийн сангийн 229 сая төгрөгийн хөрөнгөөр шинээр ёслол хүндэтгэлийн өргөөг барьж ашиглалтад орууллаа.  

Энэхүү ёслол хүндэтгэлийн өргөө нь хоёр давхар байгууламж бөгөөд эхний давхартаа ахмадын танхим, номын сан,  бусад үйл ажиллагаа явуулах нэмэлт өрөө тасалгаатай бол дээд давхарт олон нийтийн арга хэмжээ, хүлээн авалт зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулж болох дугуй танхимтай аж. Байгууламжийг ашиглалтад оруулснаар сумынхаа ард иргэдийн бүтээлч хөдөлмөр,  идэвх оролцоог  дэмжих,  төрийн үйлчилгээг ойртуулах, ахмад буурлуудаа баярлуулах  зэрэг төр хувийн хэвшлийн харилцааг ойртуулах, бүтээлч олон ажлыг өрнүүлэх боломжтой  хэмээн сумын удирдлагууд өгүүлсэн юм. Сүүлийн жилүүдэд тус суманд шинээр 50 хүүхдийн дотуур байр, 50 хүүхдийн цэцэрлэг,  багийн төвүүд, ёслол хүндэтгэлийн өргөө, ингэний ферм, сумын ЗДТГ-ын барилга,соёлын төв, ахуйн үйлчилгээ гээд нийт 1 тэрбум 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Шинэ өргөөний нээлтийн арга хэмжээний үеэр сумын ЗДТГ-аас “Олон улсын ахмадын өдөр”-ийг тэмдэглэж  сумынхаа 70 гаруй ахмад настан буурлуудад гарын бэлэг гардуулсан бол шилмэл малын  болон сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа, уран сайханчдын урлагийн тоглолт болсон юм.  Тус  сумын ЗДТГ-аас   шинэ өргөөнийхөө  нээлтийн үйл ажиллагааг есдүгээр сарын 30-нд зохион байгуулсан бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Сайхандулаан сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Зоригтбаатар, сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэжаргал, Засаг дарга Д.Баасанжав болон албаны хүмүүс, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд