Хэбэй мужид Монголын баатар эрсийн бунхан бий

Видео
montastudio@montsame.gov.mn
2015-09-04 13:18:52

БНХАУ-ын Хэбэй мужийн Жанчхүү хотын Жанбэй хошууны төвөөс урагш 15 км –ийн газарт орших  Иеху ууланд  Монгол, Зөвлөлтийн цэрэг эрст зориулсан дурсгалын цогцолбор бий. Одоогоос 70 жилийн өмнө хоёр орны цэргүүд энэ газарт хятадын цэргийн хамтын хүчээр  японы түрэмгийллээс хятад улсыг чөлөөлснөөр фашизмын эсрэг  дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөсөн билээ.

Эрээн –Жанчхүү, Жэхэ Долнуур чиглэлд давшсан Чөлөөлөх дайны шийдвэрлэх тулалдаан Жанчхүүд болсон. Жанчхүүгийн тулалдааныг хятадууд Лангуогоу ажиллагаа гэдэг бөгөөд дайсны гол бэхлэлтийг  сэтлэх байлдаан  1945 оны 8-р сарын 14 нөөс эхэлж, 19 нөөс 21 ны өдрүүдэд ширүүн тулалдаан болсон байна. Жанчхүүгийн чиглэлийн давших чиглэлд Японы  томоохон хүч байрлаж байсан бөгөөд дайсны хамгийн том хориглолт зохион байгуулсан түшиц газар Монголын хилээс 565 км-т орших тэрхүү Жанчхүүгийн даваа байжээ. Жанчхүүгийн даваанд Япончууд 1935-1945 оны хугацаанд 40 мянган хятад иргэдийг дайчлан 35 км өргөн, 10 км гүн бэхлэлтийн бүс байгуулснаар түүнийгээ давагдашгүй цайз гэж үзэж байсан байна.  Гэвч хамтарсан цэргийн хүч бэхлэлтийг сэтэлж  нийт 860 гаруй япон армийн албан хаагчийг устгаж, шархдуулан олзолсон бол өөрсдөө 60 гаруй хүнээ алджээ. Тэдний 13 нь  домогт Аюуш, Жанчив нарын Монголын  баатар эрс байжээ. Амь үрэгсдийн гэгээн дурсгалд зориулж БНХАУ 1945 онд Монгол Зөвлөлт  дайчдад зориулсан хөшөө босгосон бол 1957 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэрээр хөшөөг цамхаг болгон шинэчилсэн байна.

СанЁоХу :  Цэцэрлэгт цогцолборын УЗ-ийн дарга
 Энэхүү дурсгалт цогцолбор нь 13 га газрыг хамарсан. 28.8 метр өндөр, 360 хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэн улаан гурван таван хошуу бүхий орой болон гурван улсын төрийн далбааг сийлсэн нь дэлхийн хүн төрөлхтөний эв найрамдлыг билэгдсэн юм. Цамхагийн доохон талд дайчдын бунхан бий. Бид эргэн тойрныг цэцэрлэгжүүлэх ажил эд хийгдэж байна. 3 өдөр үргэлжилсэн дайны талбар болсон энэ газарт мөн музей байгуулж байна. Цамхагаас цааш 100 метр явахад үрэгдсэн баатруудын бунхан байх бөгөөд энд зургаан Монгол, 54 Орос, нийтдээ 60 хүний шарил бий.
Монгол Зөвлөлтийн дайчин эрсийн амь нас бүлээн цус хөрсөнд шингэсэн дайны сүүлчийн голомт байсан энэ газар одоо Хэбэй мужийн Соёлын өвийн тусгай хамгаалалтанд хамгаалагдаж байна. Хүний хөл үл тасрах энд   гурван улсын албаны болон ахмад дайчид жил бүр ирж хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ. Баатруудын гэгээн дурсгалыг хүндэтгэхээр ирэх  хэнд ч гашуудлын хувцас өмсөхийг зөвлөдөг.   Мэдээж хэрэг чөлөөлөх дайн ямар их үнэ цэнээр олдсныг хүндэтгэх хүндлэл юм. Монгол Улс ийнхүү дэлхийн 2 –р  дайны түүхийн оршил төгсгөлийг бичилцснийг гэрчлэх нэг гэрч бол хуучнаар Хаалгат хотын Жанчхүүгийн даваан дахь энэхүү Монгол Зөвлөлтийн дайчдын дурсгал юм. Жанхчүү хот Бээжингээс хойшоо 250 км - ийн зайд оршдог.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд