Сумдын ИТХ-ын төлөөлөгчдөд суурь мэдлэг олгож байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-02-14 21:07:28

2014 оноос УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн дараагийн шат болох “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн суурь сургалт Сэлэнгэ аймагт эхэллээ. 

Энэ удаагийн сургалт нь Сэлэнгэ аймгийн 17 сумын нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчид бүрэн хамрагдаж байгаагаараа онцлогтой юм. Сургалтыг 4 ээлжээр бүсчилэн зохион байгуулж байгаа бөгөөд нэгдүгээр ээлжийн сургалтанд Сүхбаатар, Жавхлант, Ерөө, Хүдэр сумдын ИТХ-ын Төлөөлөгчид хамрагдаж байна. Эл сургалтаар Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх ойлголт, эрх зүйн үндэс, Хурлын үйл ажиллагаа, хуралдаан явуулах дэг, Орон нутгийн төсвийн талаарх ойлголт, түүнийг батлах, хэрэгжилтийг хянахад Хурлын байгууллагын эрх үүргийн талаар мэдээлэл өгч байгаа аж.

Мөн Байгаль орчин газрын харилцаанд ИТХ-аас анхаарвал зохих асуудлууд, Хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн хангах талаарх Төлөөлөгчдийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй асуудлаар хууль эрхийн болон арга зүйн мэдлэг, мэдээллүүдийг өгч байгаа юм байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ