Дулаанхаан ууланд зураг авахаар явсан бүсгүй амиа алджээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-02-16 12:49:11

Сүүлийн үед ард иргэдийн дунд байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж зугаалах, ууланд авирах зэрэг сонирхолтой агшингуудаа өөрийн болон бусдын амь насанд эрсдэлтэй байдалд селфидэн цахим ертөнцөд тавих сонирхол нь ихэсч байгаа ажээ.

Энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нутаг дэвсгэрт Дулаанхаан тосгоноос 2 км зайд байрлах Дулаанхаан уулын урд энгэр гэх газарт зураг авахаар явсан бүсгүй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тэрээр Улаанбаатар хотын харьяат, 30 настай нэгэн юм. Талийгаач эмэгтэй нь уул руу зураг авна гэж ганцаараа яваад халтирч унан толгойдоо гэмтэл авсны улмаас тусламж дуудаж чадалгүй улмаар осгож, амь насаа алдсан байдалтай олджээ.

Иймээс иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж явах, өөрийн болон бусдын амь насанд аюултай нөхцөл байдал бий болгохгүй байх, анхаарал болгоомжтой байхыг Сэлэнгэ аймгийн прокурорын газраас анхаарууллаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ