Мал жилбэгүй төллөх магадлал өндөр байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-02-17 12:22:51

Сэлэнгэ аймгийн Улаан загалмайн хорооноос хүүхэд, залуучууд, өсвөр үеийнхэнд хүнлэг энэрэнгүй үзэл төлөвшүүлэх, бусдын зовлонг нимгэлэх, зудын хүндрэлтэй байгаа орон нутгийн өрх, иргэдэд туслах зорилгоор “Малчин төлөөр баяжна-Төл сүүгээр бойжино” хандивын аяныг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм.  

Тус аяныг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс бүтэн сарын хугацаанд өрнүүлж аймгийн хэмжээний нийт аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдийг аянд нэгдэхийг уриалсан юм. Тэгвэл энэхүү аянд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон нэгджээ. Тэд мал төллөлтийн хугацаа ойртож байгаа энэ үед шинэ төл бойжих сүүгүйгээс шалтгаалан үхэж хоргодох аюулаас урьдчилан сэргийлэх, зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нэгдсэн байна. Тус албаныхан малчдаа төлөө бүрэн бойжуулахад нь багахан ч атугай туслах үүднээс хуурай сүүний хандивыг өргөжээ. Цаг үеийн байдлаас шалтгаалан зудтай байгаа газруудын малчин өрхүүдийн төллөх мал жилбэгүй буюу төлөө бойжуулах сүүгүй төллөх магадлал маш өндөр байгаа талаар мал аж ахуйн мэргэжилтнүүд, малчид дурьдаж байна.

Дээрх хугацаанд хамт олон, аж ахуйн нэгж, байгууллагуудаас хандивын элгэвч, нэмнээ, хуурай сүүний хуримтлал үүсгэж цуглуулах бөгөөд ирэх сарын 03-р сарын 10-ны өдөр “Малчин төлөөр баяжина-Төл сүүгээр бойжино” аяныг дүгнэж, цугласан хуурай сүүг мал төллөлт хүндэрч байгаа сумдын айл өрхүүдэд тараан өгөх ажээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ