Жижиг, дунд бизнесийн зээлжих чадавхийг сайжруулахад чиглэсэн сургалт боллоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-03-29 01:20:13

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Жижиг, дунд бизнесийн зээлжих чадавхийг сайжруулах, санхүүгийн мэдээлэл олж авахад нь найдвартай зуучлагч гүүр нь болж өгдөг нэгэн чухал сургалт Сэлэнгэ аймагт зохион байгуулагдлаа.

“Төслийн маань зорилго бол жижиг дунд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж, зээлжих чадавхийг нь дээшлүүлэх, тэдэнд нэн шаардлагатай аргыг заах, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэж өгөхөд чиглэгдэж байгаа. Манай төсөл Сэлэнгэ аймагт 2016 оны 6-р сарын 21-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Бид өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ давхардсан тоогоор 350 бизнес эрхлэгчдэд хэрэгтэй зөвлөгөө мэдээ мэдээллүүдийг өгч, сургалт зохион байгууллаа.

Мөн Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа арилжааны 5 банкуудаас 2.5 тэрбум төгрөгийн бизнесийн болоод төслийн зээлэнд амжилттай жуучилж өгсөн байна. Бидний зохион байгуулж буй сургалтын үр дүнд бизнес эрхлэгчдийн орлого 1-1.5 дахин өсөж, ажлын байр 15-аар нэмэгдсэн байгаа” хэмээн АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлаг болон “Хөгжлийн шийдэл” ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Reach” төслийн Сэлэнгэ аймаг дахь зохицуулагч Сүнжидмаа хэлж байна. Тус форум нь жижиг, дунд бизнесийн зээлжих чадавхийг сайжруулахад шаардлагатай арга замуудыг оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааны үр дүнд бий болгох зорилгоор зохион байгуулагддагаараа нэлээд үр дүнгээ өгдөг байна.

Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн “Rеach” төслөөс хамтран зохион байгуулсан энэхүү “Жижиг, дунд бизнесүүдийн зээлжилтийг дэмжих форум-2017” уулзалтанд Сэлэнгэ аймгийн 17 сумын жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон арилжааны банкуудын захирлууд оролцлоо. Энэхүү төсөл 2018 оны 4 сар хүртэл үргэлжлэн явах юм байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ