Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын аймгийн аваргаар Цагаануурын тамирчид тодорчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-03-29 16:24:29

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Мандал сумын Хэрх тосгонд болж өндөрлөлөө.

Жил бүр аймгийн Биеийн тамир спортын газраас уламжлал болгон зохион явуулдаг эл тэмцээн энэ удаа Ардын боловсролын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонт, аймгийн хурц арслан Г.Жаргалтулга агсны нэрэмжит болон явагдсанаараа онцлог байлаа.

Энэхүү 2017 оны Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 17 багийн 87 тамирчид оролцож, эр бяр, уран мэхээ уралдуулан өрсөлджээ.

Тэмцээний ахлах насны ангилалд тэргүүн байранд Цагааннуур сумын Ц.Лхагва-Очир, удаах байрт Баянголын Б.Үнэнхүү, Зүүнбүрэнгийн О.Билэгт. Дунд насанд Цагааннуурын Б.Балжинням, Алтанбулагийн Э.Алтанбаяр, А.Элбэг. Бага насанд Орхонтуулын Б.Маргад-Эрдэнэ, Цагааннуурын Б.Энхболд, Орхонтуулын Э.Отгонтөгс нар шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.

Тэмцээний нийт оноогоороо Цагааннуур сумын баг тамирчид тэргүүлж, алтан медаль, цомын эзэд болжээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ