“Залуу малчдыг дэмжих аян”-ыхан Сэлэнгэ аймагт дөрөө мулталлаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-03-30 11:00:33

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Гантулга “Залуу малчдыг дэмжих аян”-ы багтайгаа  энэ сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт зочиллоо.

Тус аяныхан Монгол Улсын 21 аймагт хүрэлцэн очиж, үйл ажиллагаагаа хүргээд, ийнхүү хамгийн эцсийн зогсоол болох Сэлэнгэ аймагт дөрөө мулталж буй аж. Эрхэм гишүүн энэ өдөр аймгийн төвд саатаж, залуу малчдын төлөөлөл, төрийн албан хаагчдын төлөөлөл, Сүхбаатар өртөөний ажилчид, ХЦ-ийн 0101-р ангийн байлдагчид, аймгийн морин спорт уяачдын холбооны залуучууд, Сүхбаатар сумын ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзалт хийж, санал бодлыг нь сонслоо. Тэрээр төрийн албан хаагчдад “Төрийн албан хаагчдийн манлайлал ба ёс зүй”, төгсөх ангийн сурагчдад “Амжилтын гараа” сэдэвт богино лекцүүдийг уншиж хэсэгхэн хормыг хөгжилтэй хөөрөлдөөн дунд өнгөрүүллээ. Ингээд УИХ-ын гишүүн Д.Гантулгатай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

 Д.Гантулга: Залуу малчдын маань хүйсийн харьцаа тэнцвэргүй болжээ

-Сайн байна уу? Сайн явж байна уу, та? Таныг хамгийн залуу төрийн түшээ гэдгийг монголын ард түмэн андахгүй мэдэж байгаа. Залуу хүний хувьд залуучуудаа түүн дотроос малчдаа дэмжих аяныг өрнүүлэн хэрэгжүүлж яваад тань баяр хүргэе. Таны энэ аяны зорилго болоод аянаар дамжуулан монголын залуучуудад юуг хүргэхийг зорьж явааг тань мэдэж болох болов уу?

-Манай аяны баг Монгол орноо нар зөв тойрч явсаар Сэлэнгэ аймагт ирлээ. Аяны маань баг хамт олон залуу малчдаа дэмжих, залуучууддаа урам зориг өгөх. Мөн төрийн албан хаагчиддаа төрийн албаны манлайлал, төрийн албаны ёс зүй гэж юу болох, ур чадвараа хэрхэн дээшлүүлэх, үнэлүүлэх талаар. Түүнчлэн ахлах ангийн хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгох, өөрийгөө олж таних. Цаашлаад оюутан залуучууддаа мэргэжилдээ эзэн болох, эх орныхоо хөгжил цэцэглэлтийг илүү эерэгээр харахыг мэдрүүлэх, ойлгуулахыг зорьж энэхүү аянаа эхлүүлсэн юмаа. Үүгээр дамжуулан төр, иргэн хоёрыг ойртуулахыг бид хүссэн юм. Бидний залуучууд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй нэгэн цул баг болж ажиллаад өнөөдөр 8000 гаруй км замыг туулж, нийтдээ 150 гаруй уулзалтыг зохион байгуулсан байна. Энэ үйл ажиллагаандаа 20 гаруй мянган хүнийг хамруулаад амжжээ. Ингээд багийн маань сүүлийн зогсоол энэ сайхан ажилсаг, хөдөлмөрч ард түмэнтэй, үржил шимт нутаг устай, хоёр орны хил залгаа боомт хот. Мөн монголын хөгжлийн гол судас болсон төмөр замын хойд бүсийн ууган өртөөнд хүрч ирчээд байж байгаадаа ихэд баяртай байна. Энд хийсэн төрийн албан хаагчдын уулзалт өргөн дэлгэр, олон хүний бүрэлдэхүүнтэй сайхан боллоо.

-Мэдээж монгол орноо бүтэн тойроод иргэд хөдөлмөрчид, залуучуудтайгаа уулзаад явж байхад олон янзын амьдрал ахуй угтсан байх. Хамгийн тулгамдсан ямар асуудал байх юм. Төрийн түшээ хүний хувьд сэтгэл эмзэглэсэн, цаашид анхаарах, шийдвэрлэх ямар зүйлийг олж харав даа?

-Өнөөдөр манай монголын хөдөө аж ахуйд үүсч байгаа том бэрхшээл бол залуу малчдын тоо цөөрч, залгамж халаа үгүй болж байгаа асуудал байна. Мөн байгаа цөөхөн залуу малчдын маань хүйсийн харьцаа тэнцвэргүй болжээ. Эрчүүд олон, охидууд бага болж хүйсийн харьцаа алдагдсан байна. Энэ маань гэр бүл төлөвлөлтөнд сөрөг нөлөө үзүүлж байна. Түүнчлэн залуу малчдын гэр бүлд өсөж байгаа хүүхдүүд сургууль, соёлд ороход амьдрал нь хоёр хуваагдаж тусдаа амьдарснаас болж гэр бүлийн уур амьсгалд ан цав үүсэх, салж сарних явдал гарч байгаа нь элбэг харагдлаа. Мөн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ, мах, сүүний үнэ буурсан байна. Үүнийг яаж өсгөх, дундын зоонд байгаа ченжүүдийг яаж бага болгох вэ гэх мэт асуудал их байна. Иймээс аль болох зах зээлийн үнэ ханшид малчдын гар дээрх шууд бүтээгдэхүүнийг хүргэдэг болох вэ? гээд олон асуудал хөдөөд байна. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас мах, сүүний анхдугаар аян, “Монгол мал” хөтөлбөр, мөн “21 зуу” гэж үйлдвэр бүтээн байгуулалт байгуулах олон хөтөлбөрүүдийг хийж хэрэгжүүлж эхэлж байна л даа. Эдгээр ажлууд үр дүнгээ өгөөд малчдын маань амьдрал өөдөө дээшээ болно гэдэгт би итгэл дүүрэн байгаа. Үүний төлөө, залуу төрийн түшээ, хөдөө нутгаас сонгогдсон гишүүний хувьд амьдралыг өөрийн нүдээрээ харах мэдрэх үүднээс монгол орноо нар зөв тойрон аялаад ирлээ. Эдгээр ажлууд минь үр дүнгээ өгнө гэдэгт би итгэж байгаагаа дахин хэлмээр байна. Зөвхөн өөрийн сонгогдсон тойргоороо хязгаарлахгүй монголын ард түмэн, залуучууд минь хэрхэн амьдарч байгааг олж харлаа. Мэдэрлээ. Хийх ажил их байна.  

-Та залуу хүн. Дээр нь төрийн түшээ хүн. Мэдээж ганц аялал зохион байгуулснаар ажлаа дуусгахгүй байх гэж бодож байна. Цаашдаа ихийг хийх байх. Ер нь үүнийг таны ажлын эхлэл гэж бодож байна. Монгол орныхоо хөгжил дэвшил хийгээд залуучуудынхаа ирээдүйг хэрхэн төсөөлөн харж байна вэ?

-Миний хувьд аялалынхаа хугацаанд Төрийн албаны 4000 гаруй хүнтэй уулзлаа. Төрийн албаны шинэ хуулинд миний яриад байгаа энэ үзэл санаа маань шингэж, хууль болон батлагдана гэж найдаж байна. Хамгийн гол миний санаа бол төрийн албан хаагчид ёс зүйтэй байх, хариуцлага хүлээдэг байх. Ингэхийн тулд үүрэгт ажлаа хийсэн шиг хийж, хөдөлмөрөө үнэлүүлсэн шиг үнэлүүлдэг байхыг л би хүсэж байгаа юм. Дээр нь шууд өндөр албан тушаалд очих бус, багаас нь доороос нь шатлалтайгаар өгсөж яваад өндөрлөгт хүрдэг болохыг л би хүсэж байгаа юм. Энэ бүхнийг төрийн албаны хуулинд тусгаад өгөөсэй гэж хүсэж яваа залуу түшээ хүн дээ, би. Мөн ахлах ангийн сурагчдад зориулан уншсан лекцээс залуучууд өөрийгөө олж нээж авахыг би зөвлөж байгаа л даа. Та нар мэргэжлээ сонгохдоо аймгийн Засаг даргынхаа мөрийн хөтөлбөртэй, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй эхлээд танилц. Цаашлаад Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт 2030-ыг уншчихаад мэргэжлээ сонгоорой гэж. Өөрийнхөө аймагт ямар бүтээн байгуулалт, ямар тэргүүлэх зэрэг гарч ирж байгааг огт ойлгохгүйгээр, аав, ээжтэйгээ, найз нөхөдтэйгээ, багштайгаа ярилцаж байгаад мэргэжлээ сонгоход алдаа гардаг юм. Улс орон, аймаг орны хөгжил хаашаа хөгжиж явааг мэдээд өөрийнхөө ирээдүйг сонгоосой. Ингэж мэдээлэл авсанаар сурах арга барилд нь өөрчлөлт өгөх болно. Бид залуу малчиддаа урам зориг өгч 21 аймагт 20 залуучуудад 50, 50 төлөг өгч байгаа. Сэлэнгэ аймагт ч мөн өгнө. Энэ маань мал сүргээ өсгөж, бие биедээ тусалж явахын нэгэн илрэл юм. Энэ аян ингээд зогсохгүй цаашдаа улам өргөжин тэлэх ёстой. Миний хувьд Монголын морин спорт, залуу уяачдын холбооны тэргүүний хувьд холбоогоо улам өргөжүүлэн тэлж, олон залуучуудаа манлайлж, уриалан ажиллахын зорьж яваа. Бидэнтэй хамт "Увертюра" хамтлагийнхан ая дуугаараа урам өгч, сэтгэлийн бэлэг илгээж яваа. Өвлийн хүнд хэцүү цагийг даван туулж хахир хавартай золгож байгаа хүмүүс энэ хамтлагийн тоглолтоос урам зориг авч, сэтгэлийн сайхан урам дэм хөг аялгуу нэмнэ гэж бодож байгаа. Манай аян олон түмэн бие биендээ итгэл үнэмжил өгсөн, залуучууд бие биеэ дэмжсэн ажил арга хэмжээ болж байгаагаараа ач холбогдолтой аян юм шүү.

-Баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.      

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ