Хөвчийн тосгоноос “Алтан чагнуурын эзэн” тодорлоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-03-30 18:57:24

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны ЭМТ-ийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат эмч Г.Сахьяабазар “Алтан чагнуур”-ын эзэн боллоо.

“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үйлст эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж байгаа эмч нарт зориулсан “Алтан чагнуур” арга хэмжээг Монголын Эрүүл мэндийн ажилтаны ҮЭ-ийн холбооноос зохион байгуулан явуулдаг билээ. Ийнхүү шилдэг эмч нараа тодруулан урамшуулдаг “Алтан чагнуур”-ын эзэн тодруулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатар хотноо болсон байна. 7 дахь жилдээ уламжлагдан зохион байгуулагдаж байгаа энэхүү шилдэг эмч нарыг тодруулан урам хайрладаг арга хэмжээний “хөдөөгийн шилдэг эмч” нарын төлөөллөө манлайлан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны ЭМТ-ийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат эмч Г.Сахьяабазар тодорлоо.

Тэрээр 40 гаруй жил хүний их эмчийн тангарагтаа үнэнчээр зүтгэж, тэр дундаа хөдөөгийн бөглүү тосгонд эрдэнэт хүний алтан амийг авран хамгаалах их үйлсээ тасралтгүй үргэлжлүүлж яваа алтан гартан билээ. Хөдөөгийн эмчид ганцхан эрхтэн оногдохгүй. Бүхий л зүйлд мэс засал, эмэгтэйчүүд, хүүхэд, шинэ мэндэлж буй нярайг тосон авах, шүд, нүд, чих, хамар, хоолой гээд бүгдийн эмч байх хариуцлагатай агаад хүндхэн үүрэг ногддогоороо онцлогтой. Энэ бүх үүрэг хариуцлагыг эр ганц биендээ үүрч, эвсэг хөдөлмөрч, ажилсаг хамт олныхоо дэмээр өнөөдрийн өндөрлөгт хүрч яваа хүн бол Сэлэнгэ түмэндээ “Сахьяа гавьяат” хэмээн хүндлэгдэн дуудагддаг хөдөөгийн эмч маань хүндэт шагналын эзэн болжээ. Энэхүү  Монголын Эрүүл мэндийн ажилтаны ҮЭ-ийн холбооноос тодруулан шагнадаг “Алтан чагнуур” хэмээн хүндтэй шагналыг өмнө нь мөн л Бугант тосгоны ЭМТ-ийн эмч Э.Нинжбадам хүртэж байсан аж. Ийнхүү Бугант тосгоноос хос “Алтан чагнуур”-тан төрж, Сэлэнгэ аймгийн хийгээд хөвчийн тосгоны ЭМ-ийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ