"Иргэдээ сонсоё" нэвтрүүлгийн үеэр зарим асуудлыг газар дээр нь шийдлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-04-01 00:24:12

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Долоо хоног бүрийн баасан гарагийн орой 18.30 минутаас “Миний Монгол” ТВ-ээр иргэддээ хүрдэг "Иргэдээ сонсоё" телевизийн шууд нэвтрүүлгийн өргөтгөсөн дугаар өнөөдөр боллоо.

Энэ удаагийн дугаар өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулагдаж Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Б.Нарантуяа, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд оролцож иргэдээ сонслоо. Шууд нэвтрүүлэгт оролцож буй удирдлагуудад иргэдийн зүгээс Сүхбаатар сумын зам талбайн гэрэлтүүлэг, хог хаягдал, сумын тохижилт, бүтээн байгуулалт, халаалт, дулаан гэх мэт олон асуудлаар санал бодлоо илэрхийлж, асуулт асууж хариултаа авсан юм.

Нэвтрүүлгийн эхэнд аймгийн Засаг дарга иргэдийн цахимаар ирсэн асуултад хариулж, нэвтрүүлгийн төгсгөлд агентлагуудад үүрэг чиглэл өглөө. Шууд нэвтрүүлгийн үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил зарим зүйлүүд дээр шийдвэр гаргаж, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын нэгдсэн эмнэлэгүүдэд томографийн төхөөрөмжийг шийдэж, аймгийн төв Сүхбаатар сумыг жилийн 4 улиралд халуун устай байлгах. Мөн хотын “А” зэрэглэлийн бүс болох 60 айлын хэсгийг нэн түрүүн дулааны шугаманд холбогдоно гэх мэт олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээ иргэдэдээ амаллаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ