9 орчим га талбай ойн түймэрт өртжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-04-03 13:04:55

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нийт иргэд иргэнийхээ үүргийг чанд сахиж, аймгийн ОБГ-аас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлэгийг ухамсартайгаар хүлээн авч, өөрсдийнхөө болоод бусдын амь нас, аюулгүй байдалд хохирол учруулахаас болгоомжлохыг аймгийн ОБГ-аас анхааруулж байна.

Өчигдөр буюу амралтын ням гарагт Сэлэнгэ аймгийн ОБГ-ын алба хаагчид гал түймрийн болоод гол усанд цөмөрсөн дуудлагаар ажиллажээ. Тодруулбал энэ сарын 2-ны өдөр тус аймгийн Баянгол сумын төвөөс баруун зүгт 30 км-ын зайд орших Хараа багийн “Гэр чулуу” хэмээх газарт ой, хээрийн түймэр гарсан байна. Уг дуудлагыг тухайн өдрийнхөө 14:35 цагт хүлээн авч, аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 11 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 28 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2 цагийн дотор бүрэн унтраасан байна. Энэхүү түймрийн улмаас тус газрын 9 га орчим нь түймэрт өржээ.

Ингээд түймрийг нь унтаасан газраа сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид нь хүлээлгэн өгсөн аж. Мөн энэ өдөр тус аймгийн Алтанбулаг сумаас зүүн хойд зүгт 20 кмт байрлах Тарвагтай багийн “Улаан бургасны гарам”-ын Бааст голын  мөсөнд иргэн Б-гийн улсын дугаар аваагүй “Ланд крузер 78” загварын нэг зорчигчтой, суудлын автомашин цөмөрсөн тухай дуудлагыг 15:40 цагт хүлээн авсан аж. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 4 албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг голоос татан гаргаж аюулгүй болгосон байна.

Ч.Отгонцэцэг   

Холбоотой мэдээ