“Новости Монголии” сонин 75 жилийн ойгоо тэмдэглэлээ

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-05-03 16:44:24
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орос хэлээр эрхлэн гаргадаг “Новости Монголии” сонин 75 нас хүрлээ.
Тус сонины ойг тохиолдуулан өнөөдөр агентлагийн Мэдээллийн төвд уулзалт зохион байгуулав. Уулзалтад ОХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Игорь Николаевич Аржаев, хэвлэлийн төлөөлгч Панкова Ксения Юрьевна, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар  хүрэлцэн ирэв.
Энэхүү уулзалтыг нээж МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ Б.Ганчимэг хэлэхдээ, “Монгол, Орос хоёр орны найрамдалт харилцаа маш олон жилийн түүхтэй. Энэ уламжлалт харилцаа цаг үеийн өөрчлөлтөд ч сарниагүй өдийг хүрсэн. “Новости Монголии” сонин бол энэ харилцааны бэлгэ тэмдэг. Оросод хайртай, орос хэлээр ярьдаг хүмүүсийн унших дуртай сонины 75 жилийн ойд хүрэлцэн ирсэн эрхэм зочид, төлөөлөгч та бүхэнд талархал илэрхийлье. Бид хоёр орны харилцаанд хувь нэмэр оруулах, сониныхоо чанар чансааг улам сайжруулахаар хичээн ажиллаж байна” гэв.
ОХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Игорь Николаевич Аржаев,”Миний хувьд “Новости Монголии” сониныг эхнээс нь дуустал уншдаг идэвхтэй уншигчийн нэг. Танай сонин мэдээллийн гол эх үүсвэр, Оросын хамтарсан байгууллагууд бүгд л захиалан уншдаг. Сонины мэдээлэл нь агуулга сайтай, сонирхолтой, олон талын сэдэв хамарч, үйл явдлыг үнэн бодитоор мэдээлдэг. Та бүхнийг мэргэжлийн болоод ёс суртахууны өндөр хариуцлагаа алдахгүй ажиллахыг хүсч байна” гэв.
“Новости Монголии” сонин нь анх “Үнэн” нэртэйгээр 1942 оны тавдугаар сарын 1-ний өдөр гарч эхэлсэн түүхтэй. Тус сонины анхны эрхлэгчээр монголын нэрт эрдэмтэн, зохиолч, Төрийн шагналт, академич, профессор Бямбын Ринчин ажиллаж байсан бөгөөд тус сонины редакцид Монголын тухайн үеийн гарамгай сэтгүүлчид, нэрт орчуулагч, гадаад харилцааны мэргэжилтнүүд, дипломатууд ажиллаж байсан юм.
Монгол орныг гадаадад сурталчлах үйлсэд “Новости Монголии” сонины гүйцэтгэсэн үүрийг үнэлэн 1972 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар “Алтан гадас” одонгооор шагнасан юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд