Архангай аймгийн анхны аварга фермерчнийд зочилсон нь

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-05-08 13:05:47
Архангай /МОНЦАМЭ/. Тахиа жилийн босгон дээр Архангай аймгийн аваргуудыг шалгаруулахад энэ жилээс эхлэн шинээр орж ирсэн шагнал нь аймгийн аварга фермер, аварга хадланч хоёр байлаа. Аймгийн хэмжээнд 10-аад эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг иргэн байдаг. Тэднээс шалгуур үзүүлэлтээрээ аваргалсан аварга фермерийнд нэг очих бодол салалгүй явсаар сая нэг юм боломж гарч тэднийхийг зорилоо. Эрдэнэбулган сумын төвд 7-р багт байдаг юм байна.

Бороо, цас холилдож орсон өглөө байсныг хэлэх үү, жаахан жихүүндүү, өглөө үнээгээ гаргахаас нь өмнө гээд 08.00 гээд очлоо. Салхитай сэрүүн ч гэлээ малын өтөг бууц үнэртээд хөдөө газар ирсэн юм шиг л сэтгэгдэл төрж байлаа. Биднийг аварга фермерч маань тосож авав. Энд тэнд тугал харагдаад, төлөө хэр авч байгааг асуувал, “Одоо 10 гауй тугал аваад байна, зарим нь тугаллаагүй байгаа” гэв.


Үргэлжлүүлэн...За даа, Би яриа хөөрөө их муутай хүн шүү дээ. Олигтой, зөв юм ярьж чадах л байгаа даа... гэсээр  гэрлүүгээ орлоо.



Архангай аймгийн анхны аварга фермерчээр шалгарсан энэ залууг Ванчигийн Цэен-Ойдов гэнэ. Тэрээр 1983 оных ба эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

Архангай аймагт 2009 онд зуд болж, тэр хавартаа сүү их үнэтэй байж. В.Цэен-Ойдов анх эндээс л фермерийн аж ахуй эрхлэх санаагаа олжээ. Түүнээс хойш өнөөг хүртэл 7 жил сүүний чиглэлийн үхрийн аж ахуйг эрхэлж байна. 2010 онд 6, 2011 онд дахиад 6 тугалтай үнээ авч, семинтал үүлдрийн нэг бухтай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан байна. Харин өнөөдөр 30 гаруй саалийн үнээтэй, эр сувай нийлсэн 90-ээд үхэртэй болжээ.  
 
-В.Цэен-Ойдов: “Эрчимжсэн мал аж ахуй гэдэг утгаараа малын тоо бага ч гэсэн чанар чансаа, ашиг шим нь өндөр шүү. Үүнийгээ дагаад орж байгаа орлого нь ч өсдөг. Өрхийн орлого өндөр байна гэдэг чинь миний гэр бүл өсөж дэвжинэ л гэсэн үг шүү дээ. /инээв/ Бас нэг зүйл нь төр засгаас цөм сүргийг бий болгох үүднээс зохиомол хээлтүүлэг гэдгийг мэргэжлийн түвшинд хийж байх шаардлагатай байгаа юм” гэлээ.

Тэрээр малынхаа эрүүл мэндэд анхаардаг фермерчний нэг ээ. Мэдээж цөөн тооны ашиг шимтэй хэдэн үнээгээ эрүүл байлгах нь ямар ч хүний сэтгэлд байна биз ээ. Тэрээр вакцин, тарилга туулга гээд шаардлагатай бүхнээ аймгийн “Содон сүрэг” мал эмнэлгийнхэнтэй хамтран хийдэг байна.

В.Цэен-Ойдов нээрээ л дуу цөөтөй залуу юм. Асуусан асуултанд ганц нэгээр хариулах ч, хажуугаар нь малын баасаа цэвэрлэх...Харин эхнэр нь гэх өндөр бор, шаламгай хөдөлгөөнтэй эмэгтэй байна.
Түүнийг Самбуугийн Цэрэнтогтох гэх бөгөөд хэдэн хором хөөрөлдлөө.



- Үнээний сүүний гарц хэр байна вэ?
- Зундаа бол сайн. Өвлийн цагт тэжээл өгч байгаагаас шалтгаалдаг. Одоо бол нэг үнээнээс дунджаар 3-5 литр сүү гарч байгаа. Зуны цагт 5-8 литр болчихдог. Манайх үнээгээ 2 ээлжээр тугалуулдаг. Хавар 20 гаруй үнээ, намар 10 гаруй нь тугалдаг. Өнөөдрийн байдлаар 10 гаруй үнээ тугалчихсан, өдөртөө 30-40 литр сүү борлуулж байна даа. Тэгэхдээ сүү чигээр нь биш, цехээрээ дамжуулж тараг, мөхөөлдөс хийж нэмүү өртөг шингээн дэлгүүрүүдээр өгдөг.
- Фермерийнхээ цаашдын ирээдүйг яаж харж байгаа вэ?
- Тэр тал дээр бодсон юм их бий. Анх үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ төслийн зээл авсан. Өргөжүүлэх тал дээр хөрөнгө мөнгөний асуудал байгаад байгаа. Миний бодож байгаагаар багадаа 50 үнээтэй болоод, цехээ өргөжүүлэх, дээрээс нь төрөл бүрийн ааруул хийх сонихрол байгаа.
- Төсөл хөтөлбөрт яаж хамрагдав? Орон нутгаас хэр дэмжиж байна вэ?
- Бид хоёр 2012 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 40 сая төгрөгийн зээл авч, фермерээ томсгоод, трактор техник авчихсан. Ер нь бол төр засгаас их дэмждэг шүү. Одоо бол эрчимжсэн мал аж ахуйг дэмжинэ гээд байгаа. Үүн дээр нь түшиж тулаад фермерээ улам өргөжүүлнэ гэж бодож байна.
- Хүн хүчний асуудал ямар байна?
- Тэр ёстой хэцүү. Олдохгүй. Малчин бол бүр олдохгүй. Одоо байнгын хоёр малчинтай байна. Манайх хавар намрын цагт талбай дээрээ гарч тэжээл тарих, хураах үеэрээ түр ажилладаг хүмүүсийг л авдаг. Цех дээрээ өөрөөсөө гадна нэг хүн ажиллуулдаг даа.



В.Цэен-Ойдовынх фермерийн аж ахуйгаас гадна “Цондоолой” цехтэй аж. Жилд дунджаар 70-80 мянган литр сүү сааж, цагаан идээний хүүхдэд зориулсан цэвэр, экологийн эрүүл бүтээгдэхүүн болох хөлдөөсөн тараг, цөцгийтэй тараг, элгэн тараг, торхтой зайрмаг зэргийг үйлдвэрлэж орон нутгийн брэнд болгосон байна. Энэхүү цехдээ цаашид бусад фермерийнхээ сүүг авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ тоог нэмэгдүүлж өргөжүүлэх бодолтой байгаагаа В.Цэен-Ойдовын эхнэр С.Цэрэнтогтох хэлнэ билээ. Гол нь хүнсний дэлгүүрүүд орон нутгийнхаа эрүүл, цэвэр бүтээгдэхүүнийг худалдаалах тал дээр дэмжих нь чухал гэдгийг ч онцлоод авлаа.  

Залуу хүмүүс гэхэд мал аж ахуйн, тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйн салбарт өөрсдийн гэсэн өнгө төрхөөрөө ажиллаж амьдарч яваа тэдэнд ажил бас л мундахгүй, зорьсон зорилго нь тод томруун юм. Эрчимжсэн мал аж ахуйг эхлүүлж, дээрээс нь өөрсдийн гэсэн 5 га газартаа ногоон тэжээл тариалж малынхаа тэжээлийг бэлтгэнэ ээ. Эднийх жилдээ 2000-2400 боодол ногоон тэжээл, 40-50 тн байгалийн өвс хадлан бэлтгэдэг байна. Харин энэ ажилд ажиллах хүн олдоггүйг залуу малчид хэлж байна.

Ийнхүү аймгийн аварга фермерчнийд хагас өдөр болж зовлон жаргалыг нь сонсож, хуваалцлаа. Зовлон бэрхшээл гэхээсээ илүү сайн сайхан тэмүүллийн тухай ярьсан гэвэл онох байх.   

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ