Монгол Улсын Ерөнхийлөгч БНСВУ-ын Дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-05-09 12:11:14
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинийг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан байна.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэмсэг хатагтай Дэд ерөнхийлөгчийг Монгол Улсад тавтай морилон саатаж айлчлахыг хүсэн ерөөгөөд өнгөрсөн жил АСЕМ-ийн уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилж, айлчлал амжилттай болсныг онцлоод айлчлалууд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулж буйг тэмдэглэлээ.

БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь цаг зав гарган хүлээн авсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлж БНСВУ-ын Ерөнхийлөгчийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж буйгаа мэдэгдэв.

Тэрээр “Монгол Улс, БНСВУ-ын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны суурийг Ю.Цэдэнбал, Хо Ши Мин нарын үед тогтоож, үе үеийн удирдлага өнөөг хүртэл тасралтгүй хөгжүүлж ирсэн. Монгол Улсын Ерөнхий сайдтай амжилттай хэлэлцээ хийлээ. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц бололцоо бий. Вьетнамын давуу талтай бараа бүтээгдэхүүн бол ХАА-н бүтээгдэхүүн, цагаан будаа, чихэр, далайн гаралтай бүтээгдэхүүн юм. Эдгээрийг Монгол Улсад экспортлохыг хүсч байна.

Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн импортлохыг  хүсч байна. Мөн Монгол Улстай газрын тосны салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улсын Ерөнхий сайд болон албаны хүмүүстэй уулзаж гэрээ, хэлэлцээ амжилттай болсонд баяртай байна гээд БНСВУ-ын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүллээ.

БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинийг дагалдан тус улсын Засгийн газрын гишүүд, бизнесийн төлөөлөл Монгол Улсад ирсэн байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд