Ц.Мөнх-Оргил сайдын айлчлал амжилттай өндөрлөлөө

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-06-15 13:24:00
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 12-14-ний өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалаар АНУ-тай өндөр түвшний яриа хэлцээг тогтмолжуулах, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит алхмууд хийх болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэх асуудлаар холбогдох албаны хүмүүстэй санал солилцжээ.  Сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дэслэгч генерал Х.МакМастер, АНУ-ын Конгресс дахь Ардчиллын түншлэлийн Хөтөлбөрийн дарга, Конгрессын гишүүн П.Роскам болон Конгресс дахь Монголын бүлгийн дарга нар, Мянганы сорилтын корпораци, Энхтайвны корпусын удирдлагуудтай тус тус уулзаж ярилцсан байна. Мөн тэрбээр Монгол дахь Америкийн худалдааны танхимаас зохион байгуулсан Монгол-Америкийн бизнесийн 4 дүгээр уулзалт, Хөрөнгө оруулагчдын дугуй ширээний ярилцлагад оролцож улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтын эрхзүйн орчныг тогтвортой байлгах, тэдний итгэлийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлого, арга хэмжээний талаар мэдээлсэн юм. Тус арга хэмжээнд Монголд хөрөнгө оруулалттай, хөрөнгө оруулах сонирхолтой, АНУ-тай бизнесийн хамтын ажиллагаа явуулж буй Монгол, Америкийн 50 гаруй аж ахуйн нэгж компани оролцжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд