Дэлхийн 2017 оны онцлох 10 үйл явдлыг МОНЦАМЭ нэрлэлээ

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-12-20 17:59:21
Улиран одож буй 2017 онд дэлхий дахины анхаарлын төвд байсан гол үйл  явдлуудыг Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг онцолж байна.

1.    АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Д.Трампын ажлын гараа
2016 оны 11 дүгээр сард болсон АНУ-ын 45 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тэрбумтан Дональд Трамп “Америк нэгдүгээрт” уриатайгаар энэ оны нэгдүгээр сарын 20-нд ажилдаа орсон юм.
 
2.    Өмнөд Солонгосын төрийн тэргүүн огцров
БНСУ авлига авсан болон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх хэрэгт холбогдсон хуучин Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрохыг шаардан жагсаал цуглаан хийж улмаар Үндсэн хуулийн шүүх нь түүнийг  энэ оны гуравдугаар сарын 10-нд албан тушаалаас нь огцруулав.
 
3.    Биткойны ханш “цойлсон нь”
2017 он гарснаас хойш биткойн хэмээх цахим валютын ханш огцом өсөж, 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 18 000 ам.долларыг даваад байгаа нь бизнес эрхлэгчид төдийгүй жирийн иргэн хүртэл биткойн худалдан авахаар хошуурахад хүргэлээ. Ханшийн огцом хөөрөгдөл ба хэлбэлзэл, хакеруудын халдлага зэргээс үүдэн “биткойн бол дамлах хийрхэл, үнийн хөөсрөл, хөнгөн хийсвэр аргаар мөнгө олох гэсэн арга” гэж ажиглагчид үзэж байна.
 
4.    Рохинжачуудын хямрал
Хэдхэн жилийн өмнө ардчилсан тогтолцоонд шилжиж, ардчиллыг бэхжүүлэхэд гаргаж буй хүчин чармайлтаараа дэлхий нийтийн магтаал сайшаалыг хүртээд байсан Мьянмар улс 2017 онд “муу талаараа” олон улсын анхаарлын төвд байлаа. Рохинжачуудын хямралтай холбоотойгоор Ан Сан Су Чигийн Нобелийн Энх тайвны шагналыг хураахыг олон хүн шаардаж, түүнд олгосон "Оксфорд хотын хүндэт иргэн" хэмээх шагналаа Их Британийн Оксфорд хот саяхан хураан авсан юм.

5.    Бэлгийн дарамт, хүчирхийллийн дуулиан шуугиан
2017 онд дэлхий дахинд бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байлаа. Бэлгийн хүчирхийлэлд өртөж байснаа зоригтойгоор дэлгэж, хүчирхийлэгчдийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх хөдөлгөөн   Америкийн алдарт “Тime” сэтгүүл “Аниргүйг эвдэгсэд” гэж нэрлэж, тэднийг 2017 оны “Оны хүн”-ээр нэрлэсэн юм.
 
6.    Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе эхэллээ гэв
Энэ оны 10 дугаар сарын 18-24-нд Бээжин хотноо болсон БНХАУ-ын эрх баригч Хятадын коммунист намын /ХКН/  таван жил тутмын ээлжит их хурал буюу XIX хурлынхаа үеэр тус улсын дарга Ши Жиньпин “Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе” эхэлснийг зарлан тунхаглаж, орчин цагийн төгс төгөлдөр социалист гүрэн байгуулахаа мэдэгдсэн юм.
 
7.    Шинжлэх ухаан, технологийн салбарт гарсан ололт амжилтууд
2017 онд шинжлэх ухаан, технологийн салбар чамгүй ололт амжилттай байлаа. Үүний нэг нь 3D принтерээр хүний арьсыг хэвлэх боломжтой болсон явдал юм.
 
8. Ус төрөгчийн бөмбөг туршиж, удаа дараалан баллистик пуужин харвав
Умард Солонгос “урьдынхаараа” бүс нутаг төдийгүй дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлж, устөрөгчийн бөмбөг, цөмийн болон пуужингийн туршилт хийсээр энэ оныг үдэж гэж байна.
 
9. Оросын тамирчид улсынхаа нэрийн өмнөөс олимпод оролцож чадахгүй
Сэргээшийн эсрэг дүрэм журмыг “зохион байгуулалттайгаар” зөрчсөн гэх үндэслэлээр Оросын баг тамирчид улсынхаа нэрийн өмнөөс цагаан олимпод оролцох боломжгүй болсон нь 2017 онд спортын ертөнцөд төдийгүй дэлхий дахинд шуугиан дэгдээсэн үйл явдлуудын нэг байв.
 
10. Сирийг террористуудаас чөлөөлөв
Сүүлийн жилүүдэд дэлхийн халуун цэг болоод байсан Сири улсын нөхцөл байдал энэ онд харьцангуй намжиж тогтворжлоо.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд