Д.Тэрбишдагва: Эко хүнсийг урд, хойд хөршид экспортлох боломжтой

Монголын мэдээ
ariunzaya@montsame.mn
2015-11-18 16:56:39

Хүнс хөдөө аж ахуйн салбар монголын эдийн засгийн гол тулгуур хүч бөгөөд эко хүнсээр  зөвхөн дотоодын хэрэглээг хангаад зогсохгүй экспортод гаргах боломжтой гэдгийг  Монголын Хүнсчдийн Холбооны  ээлжит бага хурлын төлөөлөгчид хэлж байна.

400 гаруй гишүүн байгууллага нэгдсэн тус холбооны бага хурлын гишүүнээр 45 хүн сонгогдсон бөгөөд жилд 2 удаа хуралдаж хүнсний салбарын асуудлыг хэлэлцдэг. Энэ удаагийн ээлжит бага хурлаар “Хүнсний хорогдол, хаягдлыг багасгах, нөөцийг ашиглахад үйлдвэрлэгчдийн үүрэг,оролцоо” гэсэн сэдвийн хүрээнд зөвлөлдөж, эдийн засгийн хүндрэлийн үед хүнсний үйлдвэрийн тогтвортой хөгжлийг хангах, импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зүйтэй гэсэн нэгдсэн уриалга гаргалаа.

Монголын Хүнсчдийн Холбооны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва ярихдаа, “Монголын хүн амыг ажил орлоготой байлгаж, хүнсээр хангаж буй гол судас нь  Хүнс хөдөө аж ахуйн салбар юм. Эдийн засгийн хямралын үед  уул уурхайн салбараас илүүтэй бидэнд  Хүнс хөдөө аж ахуйн салбар хувь нэмрээ оруулж байна. Газар сэндийлж ашиг олохгүйгээр байгаа ашиг шимээ боловсруулж хэн нэгэнд хохирол учруулдаггүйгээрээ онцлогтой салбар юм. Өнөөдөр бидэнд урд, хойд хөрш гэдэг хоёр  том зах зээл бий. Урд хөршид явж байхад хятадын тансаг хэрэглээ одооноос эхэлж байна хэмээн албаны хүмүүс хэлж байсан. 1.3 тэрбум хүн амтай хятад улсад мах сүү тансаг хэрэглээ гэдгийг нуудаггүй. Тус улсад 2 хүүхэдтэй болох төрийн бодлого хэрэгжүүлснээр жилд 30 сая хүүхэд шинээр мэндэлдэг бол энэ нь 60 сая болж өснө гэсэн үг.  Тэгэхээр 10-20 жилийн дараа хятадын хүн ам 300—500 сая хүнээр нэмэгдэнэ. Ийнхүү хүн ам нь  өссөнөөр хүнсний эрэлт хэрэгцээ  өснө. Тиймээс энэ хэрэгцээг хангах боломж монголчуудад байна. Экологийн цэвэр хүнсээр зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй урд, хойд хөршид экспортлох боломжтой. Тиймээс  эко хүнсээ экспортлохын тулд  төрийн хийж чадахгүй байгаа ажлыг хувийн хэвшлийнхэн болон ТББ-ууд хамтран хийх нь чухал. Хувийн үйлдвэрүүдэд сайн мэргэжилтнүүд  байна.Тэдний санаа оноог сонсож судалгаа хийх,  үйлдвэрлэлээ тэлэх, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд Монголын Хүнсчдийн холбоо анхаарч ажиллаж байна” гэв.

Мөн үеэр  Монголын Хүнсчдийн холбоо төрийн хүнсний бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх хүрээнд эрхзүй, стратегийн  бичиг баримт боловсруулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэхээ мэдэгдсэн юм.

Б.Заяа

Холбоотой мэдээ