Нийслэл ирэх онд 698.8 тэрбум төгрөгийн орлого олно хэмээн тооцжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2015-11-18 17:21:16

Нийслэл 2016 оны төсвийн төслийг иргэдэд танилцууллаа. Төсвийн тухай хуулийн хүрээнд сум, дүүрэг, аймаг, хот тухайн оныхоо төсвийг иргэдтэйгээ хэлэлцэж, тэдний саналыг төсвийн зарцуулалтдаа тусгана.

Энэ онд Улаанбаатар хотын төсөв 637 тэрбум төгрөгөөр батлагдсан ч нийслэлийн өмчит барилга, объект зэргийн өмч, хувьчлал хийгдээгүйтэй холбоотой төсвийн алдагдал 116 тэрбумд хүрсэн байна. Энэхүү төсвийн алдагдлыг ирэх оны төсөвт шилжүүлж, 2016 оны төсвийг 61 тэрбум төгрөгөөр илүү төсөвлөжээ. Нийслэл ирэх онд  698.8 тэрбум төгрөгийн орлого олно хэмээн тооцоод байна. Ингэхдээ нийт орлогын 60 орчим хувийг Хүн амын орлогын албан татвараас, үлдсэнийг нь газар, өмч хувьчлалаас олж, төвлөрүүлнэ хэмээн тооцжээ. Түүнчлэн 2016 онд төвлөрөх орлогын 200 тэрбум төгрөгийг хотын бүтээн байгуулалт, тохижилтод зарцуулахаар төлөвлөжээ. 2016 онд нийслэл боловсролын салбарт гар татахгүй гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал ирэх онд шинээр 10 гаруй сургууль, цэцэрлэгийн барилгыг нэмж барих юм байна. Мөн улсын төсөв, концессын гэрээгээр ирэх онд 30 орчим сургууль, цэцэрлэгийн барилга барих газар, дэд бүтцийг шийдэж, ажлыг эхлүүлэх аж. Энэ долоо хоногт багтаж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төсвийн төслийг өргөн барих юм.

Б.Заяа

Холбоотой мэдээ