Япончууд хөдөө аж ахуйн салбарт хамтрах сонирхолтой байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2015-11-20 16:49:12

Монгол, Япон Улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн гэрээний хүрээнд Хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах боломжийг судлах, үйлдвэрийн нөхцөлд шинэ техник, технологийг нэвтрүүлэхийг зорьж буй юм.

Энэ хүрээнд хөдөө аж ахуй, барилга, дэд бүтцийн  бизнес уулзалтад Японы 10 гаруй компани өөрсдийн технологиос  танилцуулав. Япон улсын Хоккайдо мужийн  бизнес эрхлэгчид хөдөө аж ахуйн салбарт хэд, хэдэн томоохон төсөл дээр хамтарч байсан. Тэгвэл энэ удаа  тус мужийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нөхөрлөлийн Токачи салбар манайд газар тариалангийн бүтээгдэхүүн хадгалах зоорийн технологийг сайжруулах, нэвтрүүлэх төсөл  хэрэгжүүлж буйгаа дуулгалаа. Мөн“Сорачи” компани  Экологи нэвтрүүлэх, байгаль хамгаалах зөвлөлтэй хамтран газрын гүний дулааныг ашиглан, хүлэмжийн аж ахуй эрхлэх технологийг сайжруулах төслийг хэрэгжүүлжээ.

Хоккайдо муж нь Монгол Улстай цаг уурын нөхцөл байдлаараа төстэй учир хамтарч төсөл хэрэгжүүлэхэд дөхөмтэй гэдгийг онцлов. Улмаар Японы өндөр технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр бизнес эрхлэгчдийн бүтээмж, чанар дээшлэх үр ашигтай гэдгийг албаныхан хэллээ.

Тухайлбал Хоккайдо мужид байрлах “DAICHI” ХХК нь Хөдөө аж ахуйн байгууламжийг барих, суурилуулах болон төмөр арамны боловсруулалт хийдэг байна. Түүнчлэн хүйтэн, сэрүүн уур амьсгалд тохирсон -30 хэмийн хүйтэнд  бага зардлаар төмс болон бусад төрлийн хүнсний ногоог хадгалах газар тариалангийн байгууламж, хүсний ногооны зоорь, агуулах барьдагаараа онцлогтой аж. Харин “IHI Star” ХХК нь хадлангийн өвс хураах, машин үйлдвэрлэлийн олон жилийн туршлагатай бөгөөд японд төдийгүй гадаадын олон оронд бүтээгдэхүүнээ худалдаалдаг байна. Тус компанийн бүтээгдэхүүн нь бага хураагчийг 25PS хүчин чадалтай, дунд оврын машиныг 50 PS хүчин чадалтай трактороор тус бүр ажиллуулах боломжтой гэдгээрээ давуу аж.

Энэ мэтчилэн Японы компаниуд манай аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа дуулгалаа.

 Б.Заяа

Холбоотой мэдээ