Автомашин, моторын тос, тосолгооны үйлдвэртэй болно

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2015-11-20 17:10:42

  Монгол Улс  автомашин, моторын тос, тосолгооны үйлдвэртэй болно хэмээн “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Б.Анандбазар мэдэгдлээ.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын ХБНГУ-д хийсэн ажлын айлчлалын хүрээнд тус компани Германы “EDL Anlagenbau GesellschaftmbH” компанитай хамтран үйлдвэр байгуулах гэрээ байгуулсан байна.  

“Сод Монгол” групп жилдээ 15 мянган тонн тос үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г бэлэн болгосон бөгөөд ирэх долдугаар сараас бүтээн байгуулалтын ажлаа эхлэх аж. Урьдчилсан тооцоогоор 2018 оны эхний улиралд Монгол Улс дотооддоо тос, тосолгооны материал үйлдвэрлэдэг болох юм байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх нийт өртөг нь 42 сая ам.доллар болно хэмээн тооцжээ. Харин  санхүүжилтийн дийлэнх хувь болох 28 сая ам.долларыг ХБНГУ-ын “Union Credit” банкнаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр, 7.7 сая ам.долларыг “Сод Монгол” группийн охин компани болох “Интер стандарт нефть” ХХК өөрсдийн хөрөнгөөс гаргах аж. Харин үлдсэн 14 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэхээр  төлөвлөжээ.

Ийнхүү  Европ стандартын үйлдвэр байгуулаад нэрж үйлдвэрлэх нь эдийн засагт үр ашигтай гэдгийг албаныхан хэлж байна. Монгол Улсын хувьд моторын тос бүрэн хараат учир үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

 Б.Заяа

Холбоотой мэдээ