Завханд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:00:25

Завхан аймагт 99,3 мянган мал отроор өвөлжиж байна

Завхан аймгийн МАА, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах аймийн комисс мэдээлэл хийлээ.

Аймгийн хэмжээгээр 2015-2016 оны өвөл, хаврын улиралд 24 сумын 114 багийн 8,0 мянган малчин өрхөд 3,4 сая, хонин толгойд  шилжүүлснээр  5,0  сая  мал өвөлжиж байна. Тухайлбал үндсэн сумынхаа нутагт өрхийн  2,9 сая  мал, аймаг дотроо бусад сумын нутагт  15-н сумын 315 өрхийн 138,4 мянган мал, хилийн зурвас нутагт 171 өрхийн 77,5 мянган мал, Тусгай хамгаалалтай бүс нутагт 115 өрхийн 76,2 мянган мал тус тус өвөлжиж байна. Харин Бага хайрханы аймаг дундын отрын бүсэд долоон сумаас 190 өрхийн 144,7 мянган мал  өвөлжиж байна. Харин хил залгаа таван аймгийн 17 сумын нутагт  Завхан аймгийн Их-уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй, Ургамал, Сантмаргаз,  Түдэвтэй, Асгат   сумаас 143 өрхийн 99.3 мянган мал, отроор өвөлжиж байна.

 Завханд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Завхан аймгийн нийт нутгаар  талдаа 10-30 см, гуу жалгандаа 35 см хүртэл  зузаан  цасан бүрхүүл тогтож, цаашид ч цас үргэлжлэн орох төлөвтэй байна.

2015-2016 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй   хэмжээнд байна. Өнгөрөгч 10 дугаар сарын сүүлийн арав хоногийн дундуур нийт нутгаар бороо, нойтон цас холилдон орсон байна. Ялангуяа Баянтэс, Тэс, Баянхайрхан сумдын нутгаар 2-4 цаг үргэлжлэн орсон байна.  Иймд бороо, нойтон цасны дэвсгэрийн улмаас мөсөн  ултай болж  мал бэлчээрлэлтэд хүндрэл учруулж байна.

Отроор яваа малчидтай байнгын харилцаа холбоотой байхыг сануулав

Энэ онд Завхан аймаг дахь Улсын нөөцийн цэг салбаруудад нэмж өвс тэжээл бэлтгээгүй байна.

Тухайлбал орон нутгийн нөөцөд зохих хэмжээний өвс тэжээл бэлтгэсэн боловч энэ нь цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн үед хүрэлцэхээргүй байна. Иймд цаашид Завхан аймаг дахь Улсын нөөцийн салбар цэгүүдэд байршуулсан өвс, тэжээлийг  хямдруулж  малчдад олгох. Мөн оторт яваа малчидтай  байнгын холбоо харилцаатай байж, эрүүл мэнд, бусад үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангах, цас  олон удаа орох төлөвтэй байгаа тул баг, сум орон нутгийн чанартай зам даваа хаагдахаас сэргийлэх арга хэмжээ авах, алсагдмал нутагт байгаа малчидтай шаардлагатай үед харилцах нөхцөл боломжийг бүрдүүлэх, сумын нөөцөд өвс, тэжээл нэмж нөөцлөх  зэрэг арга хэмжээг авах шаардлагтай байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ