Нью-Йоркийн их сургууль анагаах ухааны оюутнуудаа үнэгүй сургана

Дэлхийд | Боловсрол
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-17 10:12:05
twitter.com/Nyamkanmk
НЬЮ-ЙОРК. /ВВС/. Нью-Йоркийн их сургуулийн Анагаах ухааны сургуульд одоо байгаа болон ирээдүйд элсэх бүх оюутныг үнэгүй сургана гэж мэдэгдлээ.

Оюутнууд суралцах хугацаандаа төлбөрийн их хэмжээний өртэй болж байгааг тус сургууль мэдэгдэлдээ дурдаад, чадвар чансаа, санхүүгийн асуудал зэргээс үл хамааран бүх оюутан уг тэтгэлэгт хамрагдах болно гэсэн байна.

Үүний зэрэгцээ санхүүгийн бэрхшээл нь төгсөгчдийг илүү ашиг орлоготой ажил мэргэжил рүү түлхэж байгаагийн улмаас эмч нарийн байр суурь алдагдаж байна гэж мэдэгдэв.

Энэхүү тэтгэлэгт сургалтын нэг жилийн төлбөр болох 55 мянга орчим доллар багтах ажээ. Харин оюутнуудын хувьд амьжиргаа болон орон байрны зардлаа өөрөө төлөх үүрэг хүлээнэ.

АНУ-ын Анагаах ухааны коллежийн холбооноос гаргасан судалгаагаар, 2017 онд анагаахын чиглэлээр төгссөн оюутнуудын 75 хувь нь өртэй байсан бөгөөд тэдгээрийн өрийн дундаж хэмжээ 190 мянган долларт хүрсэн байна.

Нью-Йоркийн их сургууль оюутнуудын сургалтын төлбөрийг төлөх сан байгуулахын төлөө 10 гаруй жил ажилласан байна. Цаашдаа энэ хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлэхийн тулд 600 сая доллар хуримтлуулах шаардлагатай гэж тооцоолжээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ